“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 24-нд болсон. Компанийн гүйцэтгэх  захирал Б.Ганхуяг үйл ажиллагааны 2019 оны тайлангаа тавьсан. Мөн ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2020 оны тавдугаар сарын 1-нээс тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг баталгаажуулсан байна. Ингээд тавдугаар сарын 1-нээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор иргэдийн заавал мэдэх ёстой 10 баримт бүхий мэдээллийг хүргэж байна.

1. 1072 хувьцаа эзэмшиж буй нэг иргэний нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж, ногдол ашиг хуваарилахаар болсон. Тухайлбал, хувьцаа эзэмшигч иргэн та 1072х90=96480 төгрөгийн ногдол ашиг авах эрхтэй юм. Харин 2012 оноос хойш 1072 хувьцаанаас тооцож мөнгөн урамшуулал авсан, оюутны сургалтын төлбөрөө хийсэн, сайн хувьцаа нэрээр нэг удаа бэлэн мөнгөний дэмжлэг авсан иргэдийн хувьд 1072 хувьцаанаас нь хасалт хийгдсэн учраас одоо байгаа хувьцаагаар нь тооцож ногдол ашиг хуваарилагдана. Ногдол ашиг хуваарилахад компаниас 199 тэрбум 736 сая төгрөг зарцуулна.

2. Иргэн та 1072 хувьцаандаа ногдол ашиг авахын тулд хамгийн нэгдүгээрт хувьцааны данстай эсэхээ шалгана.  Төрийн үйлчилгээний цэг буюу ТҮЦ машиныг ашиглан хувьцааны данстай эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн https://net.schcd.mn/registration/default.jsp холбоосоор орж, регистрийн дугаараа хийж данстай эсэхээ шалгана. Мөн 18001072 утас руу холбогдож, эсвэл 158989 дугаар руу регистрийн дугаараа мессежээр илгээж өөрийнхөө болон гэрийнхнийгээ хувьцааны данстай эсэх, хувьцааны тоо ширхгээ мэдэж болно.

3. Хэрвээ та хувьцааны дансгүй бол өөрийн ойр байрлах брокер дилерийн  компанид хандаж, хувьцааны данс нээлгэнэ. Ингэхдээ та заавал хувьцааны данстайгаа өөрийн байнга ашигладаг арилжааны банкны дансыг холбох ёстой. Учир нь, таны хувьцаанд ногдох ашгийг байнгын ашигладаг  банкны дансаар дамжуулж олгох юм.

4. Та гар утасныхаа “play store”  болон “apple store” дээр “Эрдэнэс Тавантолгой” гэж бичихээр тусгай аппликейшн гарч ирнэ. Тус аппаар дамжуулан хувьцааны данс нээж байгаа брокер дилерийн компаниас сонгож онлайнаар данс нээлгэх боломжтой.

5. Эрдэнэс Тавантолгой компанийн 18.5 хувийг нийтдээ 2.512.000 иргэн эзэмшиж байгаа юм. Эдгээр иргэнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Үүнээс 300 мянга иргэн нь хувьцааны дансаа арилжааны банкны дансаа холбосон байгаа аж.  1072 ширхэг хувьцааны тоо ширхэг нь бүрэн, дансаа нээлгэсэн 15 мянган иргэн байгаа юм байна. Иргэн та хувьцааны дансаа арилжааны банкны данстайгаа холбосноор таны хувьцаанд ногдох ашиг орно.

6. Иргэн бүр хувьцааны дансаа арилжааны банкны дансаа холбоогүй байгаа учраас гааль, татвар санхүүгийн мэдээллийн төвтэй хамтран иргэдийн НӨАТ-ын мөнгө авдаг банкны дансаар нь дамжуулан ногдол ашгийн мөнгийг нь олгохоор хамтран ажиллаж байна.

7. 1072 хувьцааг зарах, худалдан авах эрх үүсээгүй гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй. Хувьцаа авна, зарна гэсэн мэдээлэл худлаа гэсэн үг. Монголын хөрөнгийн биржээр арилжигдаагүй учраас зарах, худалдан авах, өвлөх эрх үүсээгүй байна.

8. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд 1072 хувьцааг эзэмших эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдэд хувьцааны данс нээлгэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээг брокер дилерийн компанид авч очоод заавал хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж, хүүхдийн мөнгө авдаг данс, эсвэл хадгаламжийн данстай нь хувьцааны дансыг нь холбоно. Эцэг эхийн дансыг холбохгүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн дансыг өөрийн нэр дээр банкны данстай холбосноор ногдол ашиг орно.

9. Хувьцааны данстай бол дахин битгий данс нээлгэ. Харин хувьцааны данстайгаа арилжааны банкны дансаа холбосон эсэхээ нягтлаад, холбоогүй бол холболт хийлгэснээр таны дансанд хувьцаанд ногдох ашиг орно.

10. Ногдол ашгаа авахын тулд заавал 2020 оны тавдугаар сарын 1-нээс өмнө хувьцааны данс нээлгэх шаардлагагүй.  Тэднээс тэдний хооронд заавал дансаа нээлгэх хэрэгтэй гэсэн хугацаа заасан зүйл огт байхгүй. Тиймээс иргэд хувьцааны ногдол ашгаа 2021, 2030 онд ч авах боломжтой. Учир нь таны регистр дээр таны хувьцаа хадгалагдсан байгаа юм. Та данс нээлгэсэн цагтаа ногдол ашгаа бүрэн аваад явна гэсэн үг.